Монгол хэл ба соёлын хөтөлбөр
Монгол хэл ба соёлын хөтөлбөр (MLCP) нь “Монгол Ухаан Сургууль” хэмээн танигдсан бөгөөд Бритиш Колумбид амьдарч буй хүүхэд, залуучуудад Монгол хэл сурах, өв соёлтойгоо холбоотой байх, Монголынхоо хамт олонтой харилцаа холбоогоо бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг BCMC-ийн олон нийтийн хөтөлбөр юм.
Долоо хоног бүрийн хичээл, соёлын үйл ажиллагаа болон олон нийтийн арга хэмжээгээр дамжуулан тус хөтөлбөр нь Канад улсад өсөж буй хүүхдүүдэд Монгол өв соёлоо сурч, танин мэдэж, хадгалан өвлүүлэх найрсаг, тав тухтай орчныг бүрдүүлдэг.

Хөтөлбөрийн тухай
Монгол хэл ба соёлын хөтөлбөр нь 2017 онд Д.Болормаа, Т.Очко нарын санаачилгаар байгуулагдсан бөгөөд хойч үеийн хүүхэд, залуучуудыг Монгол өв соёлтойгоо холбоотой байхад нь дэмжих зорилготой. Сурагчид Монгол хэлний мэдлэгээ хөгжүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, уламжлал, үлгэр, дуу болон соёлын талаар суралцдаг.
Санхүүжилтийн талархал: Бритиш Колумбиа мужийн Засгийн газрын санхүүгийн дэмжлэгт талархаж байна. Энэхүү санхүүжилт нь BCMC-ийн Монгол хэл, соёлын хөтөлбөрийг (MLCP) дэмжиж байна.
Манай хичээлүүд
MLCP нь хичээлийн жилийн турш 3–18 насны хүүхэд, залуучуудад зориулсан Монгол хэл, соёлын хичээлийг долоо хоног бүр зохион байгуулдаг.
Сурагчид дараах чиглэлээр суралцана:
-
Монгол хэлээр унших, бичих
-
Үгийн сан болон харилцан яриа
-
Дуу, шүлэг, үлгэр
-
Монгол ёс заншил, өв соёл
-
Тоглоом болон сонирхолтой дасгал, үйл ажиллагаа
Соёлын үйл ажиллагаа
Сурагчид танхимын хичээлээс гадна жилийн турш соёлын болон олон нийтийн төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцдог. Үүнд:
-
Хүүхдийн баярын арга хэмжээ
-
Монгол хүүхдийн шинэ жилийн баяр
-
Соёлын тоглолт, бүжиг
-
Монголын өсвөрийн шатрын мастеруудтай шатрын хичээл
-
Урлаг, гар урлал болон соёлын сургалт, үйл ажиллагаа
Өсвөрийн клуб
MLCP Өсвөрийн клуб нь 13–18 насны залуучуудад шинэ найз нөхөдтэй болох, манлайлах ур чадвараа хөгжүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, Монгол соёлтойгоо холбоогоо бэхжүүлэх боломжийг олгодог.
Өсвөрийн клуб нь залуучуудыг хамт олныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмждэг.
Манай багш нартай танилцана уу
Манай багш нар Монгол хэлний сургалт, бага насны хүүхдийн боловсрол, олон нийтийн хөтөлбөр болон соёлын боловсролын чиглэлээр туршлагатай. Монгол Улсад төрж өссөн багш нар маань өөрсдийн хэл, мэдлэг, уламжлал, өв соё лоо хойч үедээ өвлүүлэн түгээхийн зэрэгцээ хүүхдүүдэд эерэг, сонирхолтой сургалтын орчныг бүрдүүлэн ажилладаг.
.jpeg)
Баяраагийн Номин
Номин 1999 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг Биеийн тамирын багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэрээр багш бэлтгэдэг Монголын тэргүүлэх их сургуулиудын нэг болох Монгол Улсын Боловсролын Их Сургуульд 17 жилийн турш багшилж, ирээдүйн багш нарыг сурган хүмүүжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан. Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D.) зэрэгтэй. Тэрээр Монгол Ухаан сургуульд нэгдэн, Ванкувер хотод өсөж буй хүүхэд багачуудын хэл ярианы чадварыг хөгжүүлэх, монгол хэлээ сурах, үндэсний өв соёлоо танин мэдэх, эх хэлээрээ өөртөө итгэлтэй харилцаж сурахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаадаа баяртай байдаг. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа багаас нь эх хэлээрээ зөв, сайхан, өөртөө итгэлтэй ярьж, харилцах бат бөх суурийг тавихад эцэг эхчүүдтэй хамтран ажилласнаар үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт тэрээр итгэдэг.
Багшийн үүрэг
Дунд шатны анги: Сурагчдын дүрэм, унших, бичих болон монгол хэлний ерөнхий мэдлэг, чадварыг хөгжүүлэх.

Доржпала мын Болормаа
Болормаа нь Ванкуверийн YMCA-д сургуулийн өмнөх боловсролын ажилтан бөгөөд YMCA-ийн Playing to Learn сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүдийн суралцах үйл явцад дэмжлэг үзүүлдэг. Тэрээр мөн Монгол Ухаан сургуульд монгол хэл, соёлыг зааж, хүүхэд багачуудад өв соёлыг түгээн дэлгэрүүлэх хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулдаг. Тэрээр өмнө нь Оюу Толгой компанид ХАБЭА-гийн сургагч багшаар, АНУ-ын Энх Тайвны Корпуст ажиллаж, USAID-ийн санхүүжилтээр олон нийтийн Англи хэлний төвийг байгуулсан.
Багшийн үүрэг
Өсвөр үеийн клуб: Өсвөр үеийнхний идэвх оролцоо, манлайлах ур чадвар, үндэсний соёлоороо бахархах үзэл, олон нийттэй харилцах холбоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Хуягбаатарын Ариунаа (Аниа)
Ариунаагийн багшлах ажлын гол зорилго нь хилийн чанадад өсөж буй монгол хүүхдүүдэд эх хэл, өв соёлыг нь өвлүүлэн, монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршдог. Тэрээр Канад улсын Ванкувер хот дахь Монгол Хэл, Соёлын Хөтөлбөрт (MLCP) монгол хэл, уламжлал, өв соёлыг хүүхэд багачуудад өвлүүлэн түгээх эрхэм зорилготой багшилж байна. Сургуулийн өмнөх насны боловсрол болон олон нийтийн хөтөлбөрийн салбарт ажилласан туршлагадаа тулгуурлан бүтээлч, тоглоомд суурилсан сургалтын аргуудыг ашиглаж, бяцхан суралцагчдаа монгол ахуй, ёс заншлаараа бахархдаг, өөртөө итгэлтэй, зөв төлөвшилтэй хүн болгон хөгжүүлэхийг зорьдог. Ариунаа одоогоор Burnaby Neighbourhood House-д хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Төв аймгийн Зуунмод хот дахь тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжих “Аз жаргалын өргөө” төвийн менежерээр ажиллаж байсан туршлагатай.
Багшийн үүрэг
Бага анги: Монгол цагаан толгой, унших, бичих, дуу, шүлэг болон соёлын үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдыг сургах.

Хуягбаатарын Ариунцэцэг
Ариун нь Монгол болон Канадад хүүхдүүдийг сургаж, дэмжин ажилласан 6 жилийн туршлагатай боловсролын салбарын мэргэжилтэн юм. Тэрээр одоогоор Burnaby Neighbourhood House-д сургуулийн насны хүүхдийн хөтөлбөрийн багшаар ажиллаж байна. Хүүхдүүд тайван, өөртөө итгэлтэйгээр суралцаж, хөгжих боломжтой эерэг, сонирхолтой, аюулгүй орчныг бүрдүүлж ажиллахыг хичээдэг. Ажлаас гадуур Ариун теннис тоглож, ролик унаж идэвхтэй байх дуртайгаас гадна шинэ кофе шопуудаар зочлох дуртай.
Багшийн үүрэг
Анхан шатны анги: Сонсох, ярих, үгийн сангаа баяжуулах болон интерактив үйл ажиллагаагаар дамжуулан монгол хэлний суурь мэдлэг, чадварыг хөгжүүлэх.
Бүртгэл одоогоор хаалттай бөгөөд 2026 оны 10-р сард ирэх хичээлийн жилийн бүртгэл дахин нээгдэнэ.








